Тайландын Ерөнхий сайдад хоёр хоногийн хугацаа өгөв
2013 оны 12 сарын 2

Тайландад Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал үргэлжилсээр. Өчигдөр жагсагчдын удирдагч Сутеп Тагсубан Ерөнхий сайд Ийнглак Чинаватратай уулзаж, түүнд “эрх мэдлийг ард түмэнд эргүүлэн өгөх” хоёр хоногийн хугацаа өгсөн байна. Харин хоёр хоногийн дотор шаардлагыг биелүүлэхгүй бол ямар арга хэмжээ авах талаар мэдэгдээгүй аж. Өршөөл үзүүлэх тухай хуулийн эсэргүүцэж эхэлсэн олон нийтийн жагсаал хууль “унасны” дараа ч найм дахь өдрөө үргэлжилсээр байгаа бөгөөд Ерөнхий сайдыг түлхэн унагах зорилготой болоод байгаа юм. Сөрөг хүчнээр удирдуулсан жагсагчид одоогийн Засгийн газрыг Ерөнхий сайд Ийнглак Чинаватрагийн ах цөллөгт байгаа “гэмт хэрэгтэн” Таксин Чинаватра алсаас удирдаж байна хэмээн үзэж буруутгаж, цэргийн биш ард түмний эргэлт хийж, Таксин Чинаватрад байгаа эрх мэдлийг “Ард түмний зөвлөл”-д шилжүүлнэ хэмээн мэдэгджээ. Өмнө нь тэд Ерөнхий сайдыг ахдаа эрх чөлөө олгохоор Өршөөлийн хууль батлах гэж байн хэмээн буруутгаж жагсаалаа эхэлсэн юм. Цагдаа нар Бангкокийн гол хэсгүүдэд цугларсан жагсагчдыг нулимс асгаруулагч хий ашиглан тараахыг оролдож байгаа ч үймээн самуун болгож хурцатгахаас хэтрэхгүй байгаа аж. Одоогоор эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш дөрвөн хүн амиа алдаж, хэдэн арван хүн бэртэж гэмтээд байгаа юм. Тиймээс цагдаагийнхны хүчийг цэргүүдээр зузаатгаж эхэлжээ. Нөхцөл байдал аюултай болж эхэлсэн тул Ерөнхий сайд Ийнглак Чинаватраг нууц байрлал руу шилжүүлсэн байна. Жагсагчдын удирдагчийн ярьснаар, тэрээр цэрэг армийнхны чанд хамгаалалт дор нэгэн нууцлаг газарт Ерөнхий сайдтай уулзжээ. Ингэхдээ ямар нэгэн яриа хэлэлцээ хийхгүй, түүнийг хамгийн сүүлчийн удаа Ерөнхий сайдын эрх мэдэлтэй байгааг харж байна гэдгээ сануулсан гэжээ. Өчигдөр Бангкок даяар 30 гаруй мянган жагсагч найман байрлалд төвлөрч, томоохон телевизүүдээр орж удирдагчийнх нь мэдэгдлийг цацаж байгаа эсэхэд хяналт тавьж байжээ. Үүнээс гадна өнөөдөр төрийн албан хаагчид орон даяар ажил хаялт зохион байгуулна гэдгийг мэдэгдсэн байна. Тайландын Ерөнхий сайд Ийнглак Чинаватрагийн хувьд одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм. 

 

Э.Наранбат